МСМ ГРУПП КОМПАНИЙ JOHN DEERE БРЭНД ДАРХАН ХОТОД САЛБАРАА НЭЭЛЭЭ

Манай МСМ Групп компаний Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч John Deere брэнд Дархан хотод салбараа амжилттай нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэхүү салбар нь газар тариалангийн төв бүс нутаг болох Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв болон Дархан–Уул аймгуудын төв Дархан хотод тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа явуулахын зэрэгцээ дуудлагаар засвар үйлчилгээ үзүүлэх юм.

Нээлтийн ажиллагаанд МСМ Группийн Гүйцэтгэх Захирал Дэвид Райнер, Удирдах Захирал Ш.Нурмаа, МСМ Группийн БУУХААТТГ-ын Ерөнхий Менежер Э.Болормаа нар болон Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч компаний удирдлагууд, бизнесменүүд, John Deere брэндийн харилцагчид оролцлоо. 

МСМ Группийн БУУХААТТГ-ын Ерөнхий Менежер Э.Болормаа нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ: 

“Тариалалтын ажил ид өрнөсөн энэхүү завгүй үедээ бидний нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм тариаланч, харилцагчид та бүхэндээ баярлалаа. МСМ Групп John Deere брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлэснээс хойш гурван жилийн дараа ийнхүү Дархан хотод салбараа нээж байна. Өнөөдрийн бидний нээж буй салбарын үйл ажиллагааны зорилго нь нийт хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, тариланч та бүхэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулж буй хэрэг. Та бүхний ургац арвин байх болтугай” хэмээсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр МСМ Группийн зүгээс тууштай харилцагчиддаа John Deere брэндийн “Сэлбэг хямдралтай авах эрхийн бичиг”-ийг гардуулсан бөгөөд эрхийн бичгийн эздээр “Буянт төв” ХХК-ийн захирал Ж.Саруул, “Хос дэвэлт” ХХК-ийн захирал С.Нэргүй, “Эрдэнэ Вилльямс Монголиа” ХХК-ийн захирал Д.Нямгэрэл нарыг урамшуулсан бол хүрэлцэн ирсэн бүхий л зочиддоо мөн тодорхой хувийн урамшуулал бүхий эрхийн бичгийг гардууллаа.

Түүнчлэн John Deere брэндийн Дархан салбарын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод тус брэндийн Худалдааны төлөөлөгч Г.Чулуунбат брэндийн онцлог, давуу тал, үүх түүхийг танилцуулсан бол мөн Худалдааны төлөөлөгч  Г.Хосбаяр хөдөө аж ахуй болон уул уурхайн чиглэлийн бусад тоног төхөөрөмж, брэндээс танилцуулж, мэдээлэл хуваалцсан юм.

Дашрамд дурдахад, МСМ Групп ХХК нь John Deere брэндийн албан ёсны төлөөлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байна. Дэлхийн нийт газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн 70 хувийг дангаараа хангагч John Deere брэндийн төлөөлөгч МСМ Групп хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байхыг үргэлж эрмэлзсээр ирсэн билээ.

Энэ жил хур бороо тэгширч, нийт тариаланчиддаа ургац арвин байхыг хүсэн ерөөе !