МСМ ГРУПП 2017 ОНЫ “ТОП 100” АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр Монголын топ 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг билээ. Өнөөдөр буюу 4 сарын 27-ны өдөр Төрийн Ордны “Соёмбо” танхимд болсон тус шагнал гардуулах ёслолд МСМ Групп 2017 оны Топ 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарч, өргөмжлөлөө гардан авлаа. Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалаараа ийнхүү 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нь улс орны эдийн засаг, санхүү бизнесийн салбарт манлайлж буй 2017 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог. 

Энэ жилийн хувьд татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн тулгуур таван үзүүлэлтийг гол шалгуураа болгожээ. 

МСМ Группийн хувьд 2017 онд Ansul - гал унтраах системийн шилдэг брэнд болон уул уурхайн тоног төхөөрөмжийн Jacon, Мерседес-Бенц болон бусад машины тоноглолын брэндүүд болох Hamann, Tibus, Eibach, өрөмдлөгийн шингэний AMC зэрэг шинэ брэндүүдээ албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхийн зэрэгцээ Монголд барилгын бетоны нэмэлт үйлдвэрлэх зориулалттай өндөр хүчин чадлын химийн үйлдвэрээ ч ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа эхлүүлэн, томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг гүйцэтгэлээ.

Ингэснээр бид зөвхөн компаний ашиг оролого нэмэгдүүлэх бус ажлын байрны тоог нэмэгдүүлэн, нийгмийн хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж чадсан юм. 2016 онд бид энэхүү шалгаруулалтанд 99 дүгээр байранд орж байсан бол энэ жил 84 дүгээр байрт орж, амжилтаа ийнхүү ахиуллаа. 

МСМ Групп ХХК-ийн хамтран ажиллагч компаниуд, харилцагчид үйлчлүүлэгчид болон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.